АЛТНЫ СПОТ ХАНШ 1439 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСӨЖ, СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ
Алтны ханш өнгөрсөн долоо хоногт өсөж, 1400 ам.доллар давсан бол энэ долоо хоногт ч мөн өсөлт үргэлжилж, спот ханш 1439 ам.доллар буюу сүүлийн зургаан жилийн дээд цэгт хүрээд байна.
АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар зэхэж эхэлсэн нь дэлхийн эдийн засаг дахь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Улмаар хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй шийдвэрээс зайлсхийж алтыг сонгох нь нэмэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ 2019 оны үлдсэн хугацаанд үнэт металл алтны ханш үргэлжлэн өсөх төлөвтэй гэсэн таамгийг томоохон банк санхүүгийн байгууллагууд дэвшүүлж байна. Тухайлбал, “Morgan Stanley” өмнөх таамгийнхаа дүнг ахиулж, энэ оны II хагаст алт дунджаар 1435 ам.доллароор арилжаалагдана гэж тооцоолоод байна. Харин ирэх 2020 онд 1338 ам.долларын дундаж ханштай байна гэж урьдчилан таамаглаж байгаа юм.
“Citigroup”-ийн тухайд үүнээс илүү өндөр дүнтэй таамгийг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл ойрын 12 сарын хугацаанд алтны ханш дээд тал нь 1500-1600 ам.доллар хүрч өсөж магадгүй гэж үзжээ. Австралид төвтэй хөрөнгө оруулалтын банк “Macquarie Wealth Management” ханшийг ирэх 2020 оны I эсвэл II улирал хүртэл 1450 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамагласан байна.
Олон улсын хэмжээнд геополитикийн маргаантай асуудлууд хурцдаж, улмаар тэр нь эдийн засгийн хэтийн төлөвт тодорхойгүй байдал үүсгэхийн хэрээр хөрөнгө оруулагчид илүү найдвартай хэрэгслийг сонгох нь ихсэж байна. Үүний нэг баталгааг зургаадугаар сар гарснаас хойш алттай холбоотой арилжааны сангуудад гурван тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал орж ирснээс харж болохоор байгаа ажээ. Энэ нь сүүлийн таван сарын хугацааны дээд дүн болоод байгаа юм.